Ч.БАТ-ЭРДЭНЭ: ГЭРЭЭНИЙ ЗАРИМ НЭГЭН ЗААЛТЫГ НЭН ДАРУЙ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ

Үндэсний язгуур эрх ашгийг хохироож, ард түмний баялгийг гадныхан завших боломжийг баталгаажуулсан гэх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны шүүхэд хандсан тухай Дархан Монгол нэгдлээс мэдээллээ.

Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой компанид болон Монгол Улсад ямар ч хөрөнгө оруулалт шинээр орж ирээгүй бөгөөд гадны 20 банкнаас авсан 4.4 тэрбум долларын зээл нь Рио Тинто компанид очсон, Оюутолгойн зээлийн хэмжээ буураагүй гэлээ. Анх Рио Тинто компанитай хийсэн гэрээгээр 2019 оноос ногдол ашгаа авах байсан. Гэтэл тэдний гаргасан тооцоогоор 2050 оноос ногдол ашгаа авна гэж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Уурхай 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа. Баялаг ч мөн л тасралтгүй гарсаар байна. Харин тус компанийн лиценз 2037 он гээд дуусчихна. Тэгэхээр 2050 он гэхэд Монголоос гараад явчихна гэсэн үг. Бид ногдол ашгаа авах нь худлаа болж байна хэмээн Дархан Монгол нэгдлээс онцлон тэмдэглэж байна.  

Энэ тухай дархан Монголд нэгдлийн Эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Дубайн гэрээ байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Одоо асуудал сөхөж байгаа нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Засгийн газар, УИХ Монголд хохиролтой байгааг засах ёстой. Гэтэл одоогийн Засгийн газар бүр хүлээн зөвшөөрөөд цааш нь үргэлжлүүлэх шинжтэй болоод явчихаж байна. Бид Монголын талд ямар нэгэн байдлаар хохиролгүй болгох зэрэг  асуудлыг шийдэх байх гэж хүлээж байлаа. Харин өнөөдөр хүлээх цаггүй болчихлоо. 

-Гэрээнд ямар асуудлууд Монголын талд хохиролтой байгаа юм бэ?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээний үр дүнг хүлээн зөвшөөрөөд ахиад үргэлжлүүлэн зээл аваад улам хохиролтой болгох үндэс суурийг тавиад өгчихсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дубайн гэрээний хохирол гэж салгаж ярих биш нийт гэрээнүүдийн үргэлжилж байгаа үйл явц. Хохирол үргэлжлээд л байна гэсэн үг. 

Танай нэгдлээс энэ асуудлыг яаж шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм бэ?

-Гэрээг цуцлая гэсэн хүмүүс их байгаа. Мэдээж гэрээг цуцлаад шинээр байгуулбал сайн. Гэхдээ гэрээнд авах ч юм бий, орхих нь ч бий. Буруу ч тайлбарлаж байгаа юм бий. Энд асар том уурхай явагдаж байна. Бид юу гэж үзэж байна гэхээр эхлээд гэрээнийхээ хүрээнд, өөрөөр хэлбэл компанийн дүрмийн хүрээнд Монгол Улс хамгийн том хувьцаа эзэмшигч буюу 34 хувийн эзэмшдэг. Энэ хүрээнд нөгөө талд тодорхой хэмжээний шахалт, шаардлага тавих боломжтой. Гэрээнийхээ үйлчлэл дотроо ч гэсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ гээд олон гэрээ байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хоёр удаа засвар орж байсан. Энэ гэрээний зарим нэгэн заалтыг нэн даруй өөрчлөх ёстой гэсэн тодорхой санал байгаа.

2013 оноос эхлэн Засгийн газар, сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч гээд бичиг өгөөд ямар ч нэмэргүй байгаад байгаа байхгүй юу. Үргэлжлээд л яваад байгаа байна. Тоож байгаа ч хүн байхгүй. 

-Тэгвэл цаашид энэ хэвээр үргэлжилбэл ямар эрсдэлтэй гэж үзэж байна вэ?

-Ганц гэрээгээр яваад байгаа юм биш. Жишээлбэл, Оюутолгойн уурхай дээр дэлхийд байхгүй үнээр тоног төхөөрөмж авч байна. Үүнийг болиулах ёстой.

Үүнийг болиулах нь гэрээний асуудал биш. Юу гэхээр хяналтын болон компанийн засаглалын асуудал. Тэгэхээр Оюутолгойн компанийн засаглалыг өнөөдөр засах ёстой. Мөн хяналтаа сайжруулах, цаашлаад гэрээнүүд рүү орох ёстой. Эдгээр бүх алхам тутамд асуудал байгаад байна. 

Б.Лхам

About batawdc-ot 1 Article
Analyst on Oyutolgoi Project Advisor to CEO, ABB Consulting LLC Master of Science, Mathematics, National University of Mongolia Master of Business Administration, Maastricht School of Management, the Netherlands